ЭМЯ : Папиллома вирусний эсрэг вакциныг 9-13 насны охидод хийнэ
Папиллома вирусний эсрэг вакциныг 9-13 насны охидод ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ. ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд тун тус бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
I тун хийлгэснээс хойш 2 сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа III тунг хийлгэх юм байна.
Халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Хүний папиллома вирусний тогтвортой буюу даамжирсан халдвар нь умайн хүзүүний шилжилтийн бүсийн хучуур эдийг эмгэг өөрчлөлтөд оруулж хавдрын урьдал эмгэг үүсгэх юм. Урт хугацааны дараа буюу 10-20 жилийн дараа цөмлөн түрсэн хавдарт шилжинэ. Хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлж эмчлэх зарчим баримтлах хэрэгтэй. Эмчлүүлэхгүй, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахгүй бол хавдар болон шилждэг аж.
Нөхөн үржихүйн насанд буюу бэлгийн бойжилт нь гүйцсэн, бэлгийн харьцаанд ороход бэлэн болсон эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Учир нь бэлгийн харьцаанд орсноор уг вирусийг биедээ тээх буюу бэлгийн харьцааны хамтрагч нь хүний папиллома вирустай байсан бол тухайн эмэгтэйд халдварлана гэсэн утгатай юм. Гэхдээ хүний папиллома вирустэй эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй.